Tuesday, December 9, 2008

Гадаадад амьдарч сурах гэж...

Монголоосоо л гарч байвал шамбалын оронд оччих юм шиг санадаг байлаа. Тэр нь ч арай юу юм гэхдээ л ямарч байсан дээрдүүлнэ гэж бат итгэдэг байсан юм. Гэтэл Англид ирсээр сар гаруй боллоо. Монголынхоо утаа шороотой ч цэлмэг тэнгэр, нар сар, од, хараа тэлээд уужим амьсгалчих уул талаа санаад эндхийн чийгтэй жиндүү бүрхэг бараан өдрүүдээс залхаж эхэлдэг байна ш тэ. Ирээд байр хайж 20-оод хоногийг нь аваад, хичээл, дэлгүүр, гэр гэсэн маршрутаа хаанаас ч явсан төөрхөөргүй болтлоо сар болдым байна. Хүний газар хэлийг нь сайн мэдкү дээрээс нь муухан танидаг хүнтэйгээ тоонот гэрт толгой холбож амьдрах амар биш юмаа. Ядаж байхад шаардлага өндөр юмуу хайшаан хамт байдаг housemate-ээ удахгүй үзэн яддаг болохнээ яанаа. Залхаг заваан, хөшүүн удаан, дээрээс нь аймаар олон муу зуршилтайн ядаж байхад. Хоол идээд дуусуутаа л цаг гаруй гучин хоёр (за 32 ч юмуу доо) шүднийхээ гуу жалганд үлдсэн юмаа хамж шимээд шал шул гээд сийгүүлж сийчүүлээд идээд суучихна. (аяяяя terrible) Ойлгуулчих гээд л шүдний утас, чигчлүүр авч өглөө, дургүйцлээ нүүрэн дээрээ нүдээ байдгаар нь том болгоод л чадлаараа илэрхийлж үзлээ нэмэр болдгүй ээ. Бэлдэж байгаад хэлэх аргаа бодож олохоос. Тэрнээс гадна пивонд нугасгүй. Хоол идсэний дараа шүдний нөгөөхөө идчээд араас нь пивоор даруулна даа. За тэгээд хэхэрч эхэлнэ ээ. Орчмын 10м дотор байж гэнэдэж болохгүй. Шууд амьсгалын бөглөрөл, агаарын бохирдолд орж үхнэ. Би нээрээ үзэн ядалтаасаа болж үхэх байхаа. Ёоох би яах вэ таминээ. Өөрчлөлт шинэчлэлт хурдан хийхгүй бол стрессдэж депрессдээд үхлэээ.

Friday, November 7, 2008

Англи Улсад анх удаа зочилсон минь

Хүний нутаг руу хүлгийн жолоо залж Англи улсад ирлээ. Лондонгийн хамгийн эртний онгоцны буудал болох Хитроу (Heathrow) буудалд буугаад тийм гээд хэлчиж болохгүй сонин сэтгэгдэл төрлөө. 1930-аад оны үед буюу дэлхийн 1-р дайны үед цэргийн нисэх онгоцны зориулалтаар баригдаж байсан энэ буудал өнөөдөр дэлхийн хамгийн их ачаалалтай 3-н буудлын нэг. Намхан тааз, урт хонгил, газар доогуурх гарц, хуучирсан урсдаг шат гээд л хэдэн арван жилийн түүхийг өөртөө хадгалсан энэ мэт газар Лондонд маш олон юм. Хуучны хот болохоор хулгана харх ч бас багагүй байдаг болтойм. Хуучны зүйлсийг монголчууд хэр үнэлж дээдэлдэгийг хэлж мэдкү ч би л хувьдаа Англичууд шиг үнэлдэг биш юмаа. Гэхдээ хэрхэн яаж ийм олон жил энэ хэвээр хадгалагдан ирж чадваа гэж бодохоор барилга байшинг нь бүтээсэн чанар, хэрэглэсэн чанар гэж 2 зүйлийг гайхахгүй байж чадамгүй. Манайх ноднин жил нэг шинэ байрыг чамгүй үнээр худалдан авч их л happy нүүж орсон юм. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа хана нь хатаж хагараад, хаалга нь гажиж жайжийгаад, лифт нь гацдаг, дээвэр нь хуурдаг болоод ирсэн юмдаг. Тэгээд бодохоор англичууд агуу чанартай, амь бөхтэй зүйл хийдэг язгуур гаралтай их гүрэн юмаа гэж бахархах сэтгэл төрж байна.

Wednesday, July 30, 2008

Хайр гэж...

Би бусад хүмүүсээс жаахан өөр сонин хүн юм шигээ. Ихэнх хүмүүс амьдралдаа 3-5 хүнд дурласан гээд байдын. Тэгэхэд би хэдэн удаа дурласнаа хэлж мэддэггүй. Гэхдээ би өөртөө тохиолдсон хамгийн содон өөр хайрын тухай энд бичмээр санагдлаа. Намайг дөнгөж оюутан байхад Монголд анх гар утас гэж зүйл гарч, мөнгөтэй, имижтэй тухайн үедээ бусдаас арай илүү нэг алхам хийж яваа улс гар утас барьдаг боллоо. Жинхэнэ л нөгөө нэр төрийн баталгаа болж байсан үе. Би ч муу ядуу оюутан, гэхдээ л бусдаас дутахгүй санаатай нэг утас, дугаарын хамт авлаа. Удаагүй байтал мессеж гэж үйлчилгээг Моби нэвтрүүлээд эхний нэлээд хэдэн сар үнэгүй байсан юмдаг. Юу хийхүү, мэдээж мессеж бичнэ. Соёлын шоконд орж ийм сайхан юм байдгаа гэж гайхаад л..бичиж өгнө дөө. Өглөө өдөргүй, шөнө оройгүй. Тэгж байгаад мессежээр санамсаргүй нэгэн залуутай танилцсан юм. Өөртэйгээ чацуу, бас оюутан. Би л найздаа илгээх марзан мессежээ дугаар андуурч явуулж балайрахгүй юу. Тэр над руу залгаж миний дууг сонсчихоод утсаа тасалчихаж билээ. Тэгснээ мессеж бичиж эхэлсэн. Тэрнээс хойш бид 2 бараг 4 жил зөвхөн мессэжээр харилцсан. Тэр залуу даруухан соёлтой, бас маш сайхан сэтгэлтэй, чадвартай залуу гэдэг нь надад мэдрэгддэг байсан юм. Аль аль маань уулзая гэж нэг их боддоггүй байлаа. Харин би гадагшаа сургуульд явах болж анх удаа би түүнийг уулзая гэж хэллээ. Уулзах өдөр маань миний явах өдрийн өмнөх өдөр байсан бөгөөд харин тэр ирээгүй юм. Тэр үед манай гэрийнхэн Шарга морьтын лагерьт гарсан байсан болохоор урамгүйхэн лагерь дээрээ ирэхэд хэдийнээ оройн бүрий болчихсон, нам гүм тогтуухан, тэртээ хол ганц нэг хүүхдийн дуу сонсогдоод, нэг л дүнсгэр уйтгартай байж билээ. Уулзая гэхдээ би явах тухайгаа хэлээгүй байсан болохоор түүнд мессежээр хэллээ. Тэр маш их балмагдаж, уулзаж чадаагүйдээ харамсаж байгаа нь илт мэдрэгдэж байв. Тэгээд над руу залгаж бид удаан ярилцгаасны дараа тэр надад гэнэт "Би чамд Хайртай "гэж хэлсэн юм. Хэн хэний маань сэтгэл тэгэхэд маш их хөдөлж хэзээ ч дахиж уулзахгүй юм шиг сонин мэдрэмж төрөөд "намайгаа уучлаарай, би үнэхээр их харамсаж байна, би айсан юм, хоёулаа одоо уулзаж болохгүй юмуу" гэсэн үгсийг нь сонсоход хоолой маань сааралтаад нулимс өөрийн эрхгүй урсаж билээ. Тэгээд л би тэр залууд ямар их дассанаа, ямар ч үед дандаа л дэргэд минь байсаар ямар том орон зай эзэлдэг болсныг нь, бас дандаа түүнийг санаж үгүйлж байдгаа мэдэрч, эцэст нь түүнд хайртай болчихсоноо ухаарсан юм даа. Тэгээд би явахдаа түүнд хайртай гэж хамгийн сүүлчийн мессежээ бичээд ниссэн юм. Тэр үеэс хойш сураг тасран 2 жил өнгөрч, энэ хугацаанд би түүнийг байнга санаж, сэтгэлээ хуваалцах хүнгүй болчихсон юм шиг ганцаардмал санагддаг байж билээ. Ингээд 2 жилийн дараа би Монголдоо эргэн ирлээ. Ирчихээд түүнийг дугаараа сольчихсон байхаа даа гэж эргэлзсээр хуучин дугаар луу нь мессеж бичлээ. Сайн уу Хайрт минь .... гэсээр түүнээс минь хариу мессеж ирсэн юм даа.

Friday, April 11, 2008

Сүүл

Ойрын хугацаанд уулзаагүй нэгэн найз маань гэнэт гарч ирж намайг цочоолоо. 2-лаа булаацалдан буу халж, ажил амьдрал, амьтан хүн, гутал хувцас, гурил будаа гээл хүүхнүүдийн ярьдаг бүх л сэдвээр 30-хан минутын дотор гурван дэвтэр дүүрэх шахууны юм чалчаад амжлаа. Гэсэн ч найз маань цаанаа л уйтгартай, царай алдсан шинжтэй, яриандаа нэвт орохгүй ам нь хөдлөж байгаа ч бодол нь өөр газар яваад байгааг нь би анзаарав. Шууд асуухаас зайлсхийгээд өөрөө ярих хүртэл нь жаал зугаа юм хөөрлөө. Гэтэл ч нөгөөх маань нэг их удалгүй эхэллээ. Нөхөр нь өөрийг нь хуураад байна гэж байнаа. Уул нь найз маань царай зүс сайтай, сэтгэл гэж тос даасан сүүтэй цай л гэсэн үг. Мэргэжил боловсролтойн дээр гайгүй компанид дээгүүрхэн ажил хийнэ. Харин нөхөр бол гүехэн бодолтой хөнгөн хийсвэрдүү, наадаж наргиж, инээж ханиах дуртай, энэ тэрүүг илүү харж билүүчилчих гэсэн, сачий нь хүрэхгүй хэрнээ санаа нь гэж тэнгэрт хүрчихсэн, захаа босгож, бохь зажилсан, ажилгүй хэрнээ арван нэгтэй дугаар барьж гангалсан, тийм хүн шүү гээд хэлчих тэмдэг нэр олддоггүй гачин нөхөр бий. Би дотроо тэр ч тэгнэ дээ муу новш гэж бодсон хэрнээ гаднаа "За арай ч дээ, юу гэж тийм балай юм байдийн, чи битгий тийм хартай бай" гээд аваад хаялаа. Найзыгаа өрөвдөж, өмөөрөх сэтгэл оволзоод, жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн үг байна цаад зүйр үгэнд чинь ч гэхшүү юм бодов. Нөгөөх найз маань ч урсгаж гарлаа. Хайртай дуртай, санажийнэ, санагалзжийна, уулзий учры гэсэн мэссэж ирсэн байсан л гэнэ, хонож өнжөөд ирдэггүй л гэнэ, халамж хайр нь багассан л гэнэ, гоёж гоодох нь хэтэрсэн нь л гэнэ. Араар тавьж буйн арав гаруй шинжийг ч бүрэн гаргаад байгаан байх нөгөөх нь. Зад хэрэлдье гэхээр мад тавих нотолгоо байхгүй, салъя гэхээр санаж сарвайх хөөрөн хүүгээ өрөвдөөд, өөрөө явчий гэхээр очих газаргүй, нөгөөхөө явуулах гэхээр явахгүй. Миний амьдрал аймшиг байна гээд хөөрхөн нүдэнд нь нулимс гүйлгэнээд, зөөлөн хоолойд нь гуниг цөхрөл илрээд яахаа ч мэдэхгүй төөрсөн хүн надад зовлонгоо ярив. үргэлжлэлийг дараа.

Friday, April 4, 2008

Харилцааны ур чадвар

Харилцааны ур чадвар Харилцааны ур чадвар гэдэг өнөөдрийн Монголд амьдрал, ажил хэрэгт маш чухал зүйл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хүнтэй аятайхан харилцчихдаг ая эвийг нь олчихдог байвал ажил төрөл нь аяндаа бүтээд, албан тушаал ч ахиад явчих боломжтойм шиг байгаа юм. Тэгтэл түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө, дааганаас унаж үхэхгүй дарвагараас болж үхнэ гэхчилэн хүмүүсийн хоорондын харилцааг дүрсэлсэн олон зүйр үг манай монголд байдаг. Эдгээр нь чи олон юм ярилгүй ерөнхийдөө чагнаад л сууж бай гэсэн үгтэй утга нэг юм шиг. Эцэг эхчүүд нь хүүхдээ, ах эгч нар нь дүүгээ, дарга нь цэргээ, хөгшин нь залуугаа үг хэлэхийг нь "өөдөөс цор цор хийлээ гэхчилэн хязгаарлана". Ахын үг алт, эгчийн үг эрдэм. дуугайл байх шиг зөв юм байхгүй. Эдгээр уламжлал, соёлоос ч болоод уу манай монгол залуучууд өөрийн бодлоо зөв оновчтой, чөлөөтэй илэрхийлж сураагүй байдаг юм шигээ. Сургалтын систем нь ч яг тийм, багш ярина сурагч сонсоно. Чи багш, дарга, аав ээж, эмээ өвөө биш бол ер нь дийлэнхдээ сонсох л үүрэгтэй. Харилцаанд 80/20 гэсэн зарчим байдаг л даа. 80% сонсож, 20% ярих. Энэ зарчмыг манайхан маш сайн биелүүлдэг. Харин хөөрхий ярих 20%-аа ашиглахдаа буруу ашигладаг. Хадуурна, халина, ээрнэ, түгдэрнэ, гацна, тойрно. Тэхээр хүн санаагаа яаж зөв оновчтой, тодорхой илэрхийлж сурах вэ гэдэг бас нэлээд том эрдэм юм шиг байгаан. Би бас яг дээрх хүмүүсийн нэг. Тойрч тойрч тойргийнхоо голд нэг юм хүрнэ. Хүрэхдээ ядарчихсан, сандарчихсан бас заримдаа залхчихсан байх тохиолдол зөндөөн. Тэгээд харилцааны талаар бага сага уншлаа. Тэгээд нэг алдаагаа олж авав. Юув гэхээр би хүн ярьж байхад заримдаа өөр зүйл бодож байна, эсвэл шууд ярих юмыг нь тааварлаад хариултаа бэлдчихнэ, эсвэл сэтгэл хөдлөлөө шууд нүүрэн дээрээ ил гаргачихна. Харин тэрний оронд хүн ярьж байхад за энэ нөхөр юу гэж хэлэх гээд байна вээ, би юу гэж хариулбал энэ нөхөрт эвтэйхээн ойлгуулчихуу, яаж аятайхаан татгалзахуу эсвэл мэдкү зүйл байвал за эргээд хариу өгье гэхчилэн дотроо бодож суух хэрэгтэйн байнлээ. 100% хүнээ сонсоход анхааралгүй 20% өөртэйгээ дотроо ярих хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадуул нэг алхам.

Friday, January 25, 2008

Анхны бичлэг

Өнөөдөр ямар гээчийн онцгой өдрийг мэдэхгүй ч юутай ч би өөрийн блогийг нээхээр гэнэт шийдлээ. Бодоод байхнээ сүүлийн үед завтай үедээ хүмүүсийн блогийг уншаад байсан чинь зугаатай бас нэг хүрээнд баригдахгүй байх боломжтой нь таалагдаад би яагаад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг ашиглаж болохгүй гэж бодогдлоо.