Wednesday, July 30, 2008

Хайр гэж...

Би бусад хүмүүсээс жаахан өөр сонин хүн юм шигээ. Ихэнх хүмүүс амьдралдаа 3-5 хүнд дурласан гээд байдын. Тэгэхэд би хэдэн удаа дурласнаа хэлж мэддэггүй. Гэхдээ би өөртөө тохиолдсон хамгийн содон өөр хайрын тухай энд бичмээр санагдлаа. Намайг дөнгөж оюутан байхад Монголд анх гар утас гэж зүйл гарч, мөнгөтэй, имижтэй тухайн үедээ бусдаас арай илүү нэг алхам хийж яваа улс гар утас барьдаг боллоо. Жинхэнэ л нөгөө нэр төрийн баталгаа болж байсан үе. Би ч муу ядуу оюутан, гэхдээ л бусдаас дутахгүй санаатай нэг утас, дугаарын хамт авлаа. Удаагүй байтал мессеж гэж үйлчилгээг Моби нэвтрүүлээд эхний нэлээд хэдэн сар үнэгүй байсан юмдаг. Юу хийхүү, мэдээж мессеж бичнэ. Соёлын шоконд орж ийм сайхан юм байдгаа гэж гайхаад л..бичиж өгнө дөө. Өглөө өдөргүй, шөнө оройгүй. Тэгж байгаад мессежээр санамсаргүй нэгэн залуутай танилцсан юм. Өөртэйгээ чацуу, бас оюутан. Би л найздаа илгээх марзан мессежээ дугаар андуурч явуулж балайрахгүй юу. Тэр над руу залгаж миний дууг сонсчихоод утсаа тасалчихаж билээ. Тэгснээ мессеж бичиж эхэлсэн. Тэрнээс хойш бид 2 бараг 4 жил зөвхөн мессэжээр харилцсан. Тэр залуу даруухан соёлтой, бас маш сайхан сэтгэлтэй, чадвартай залуу гэдэг нь надад мэдрэгддэг байсан юм. Аль аль маань уулзая гэж нэг их боддоггүй байлаа. Харин би гадагшаа сургуульд явах болж анх удаа би түүнийг уулзая гэж хэллээ. Уулзах өдөр маань миний явах өдрийн өмнөх өдөр байсан бөгөөд харин тэр ирээгүй юм. Тэр үед манай гэрийнхэн Шарга морьтын лагерьт гарсан байсан болохоор урамгүйхэн лагерь дээрээ ирэхэд хэдийнээ оройн бүрий болчихсон, нам гүм тогтуухан, тэртээ хол ганц нэг хүүхдийн дуу сонсогдоод, нэг л дүнсгэр уйтгартай байж билээ. Уулзая гэхдээ би явах тухайгаа хэлээгүй байсан болохоор түүнд мессежээр хэллээ. Тэр маш их балмагдаж, уулзаж чадаагүйдээ харамсаж байгаа нь илт мэдрэгдэж байв. Тэгээд над руу залгаж бид удаан ярилцгаасны дараа тэр надад гэнэт "Би чамд Хайртай "гэж хэлсэн юм. Хэн хэний маань сэтгэл тэгэхэд маш их хөдөлж хэзээ ч дахиж уулзахгүй юм шиг сонин мэдрэмж төрөөд "намайгаа уучлаарай, би үнэхээр их харамсаж байна, би айсан юм, хоёулаа одоо уулзаж болохгүй юмуу" гэсэн үгсийг нь сонсоход хоолой маань сааралтаад нулимс өөрийн эрхгүй урсаж билээ. Тэгээд л би тэр залууд ямар их дассанаа, ямар ч үед дандаа л дэргэд минь байсаар ямар том орон зай эзэлдэг болсныг нь, бас дандаа түүнийг санаж үгүйлж байдгаа мэдэрч, эцэст нь түүнд хайртай болчихсоноо ухаарсан юм даа. Тэгээд би явахдаа түүнд хайртай гэж хамгийн сүүлчийн мессежээ бичээд ниссэн юм. Тэр үеэс хойш сураг тасран 2 жил өнгөрч, энэ хугацаанд би түүнийг байнга санаж, сэтгэлээ хуваалцах хүнгүй болчихсон юм шиг ганцаардмал санагддаг байж билээ. Ингээд 2 жилийн дараа би Монголдоо эргэн ирлээ. Ирчихээд түүнийг дугаараа сольчихсон байхаа даа гэж эргэлзсээр хуучин дугаар луу нь мессеж бичлээ. Сайн уу Хайрт минь .... гэсээр түүнээс минь хариу мессеж ирсэн юм даа.

No comments: