Friday, April 11, 2008

Сүүл

Ойрын хугацаанд уулзаагүй нэгэн найз маань гэнэт гарч ирж намайг цочоолоо. 2-лаа булаацалдан буу халж, ажил амьдрал, амьтан хүн, гутал хувцас, гурил будаа гээл хүүхнүүдийн ярьдаг бүх л сэдвээр 30-хан минутын дотор гурван дэвтэр дүүрэх шахууны юм чалчаад амжлаа. Гэсэн ч найз маань цаанаа л уйтгартай, царай алдсан шинжтэй, яриандаа нэвт орохгүй ам нь хөдлөж байгаа ч бодол нь өөр газар яваад байгааг нь би анзаарав. Шууд асуухаас зайлсхийгээд өөрөө ярих хүртэл нь жаал зугаа юм хөөрлөө. Гэтэл ч нөгөөх маань нэг их удалгүй эхэллээ. Нөхөр нь өөрийг нь хуураад байна гэж байнаа. Уул нь найз маань царай зүс сайтай, сэтгэл гэж тос даасан сүүтэй цай л гэсэн үг. Мэргэжил боловсролтойн дээр гайгүй компанид дээгүүрхэн ажил хийнэ. Харин нөхөр бол гүехэн бодолтой хөнгөн хийсвэрдүү, наадаж наргиж, инээж ханиах дуртай, энэ тэрүүг илүү харж билүүчилчих гэсэн, сачий нь хүрэхгүй хэрнээ санаа нь гэж тэнгэрт хүрчихсэн, захаа босгож, бохь зажилсан, ажилгүй хэрнээ арван нэгтэй дугаар барьж гангалсан, тийм хүн шүү гээд хэлчих тэмдэг нэр олддоггүй гачин нөхөр бий. Би дотроо тэр ч тэгнэ дээ муу новш гэж бодсон хэрнээ гаднаа "За арай ч дээ, юу гэж тийм балай юм байдийн, чи битгий тийм хартай бай" гээд аваад хаялаа. Найзыгаа өрөвдөж, өмөөрөх сэтгэл оволзоод, жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн үг байна цаад зүйр үгэнд чинь ч гэхшүү юм бодов. Нөгөөх найз маань ч урсгаж гарлаа. Хайртай дуртай, санажийнэ, санагалзжийна, уулзий учры гэсэн мэссэж ирсэн байсан л гэнэ, хонож өнжөөд ирдэггүй л гэнэ, халамж хайр нь багассан л гэнэ, гоёж гоодох нь хэтэрсэн нь л гэнэ. Араар тавьж буйн арав гаруй шинжийг ч бүрэн гаргаад байгаан байх нөгөөх нь. Зад хэрэлдье гэхээр мад тавих нотолгоо байхгүй, салъя гэхээр санаж сарвайх хөөрөн хүүгээ өрөвдөөд, өөрөө явчий гэхээр очих газаргүй, нөгөөхөө явуулах гэхээр явахгүй. Миний амьдрал аймшиг байна гээд хөөрхөн нүдэнд нь нулимс гүйлгэнээд, зөөлөн хоолойд нь гуниг цөхрөл илрээд яахаа ч мэдэхгүй төөрсөн хүн надад зовлонгоо ярив. үргэлжлэлийг дараа.

Friday, April 4, 2008

Харилцааны ур чадвар

Харилцааны ур чадвар Харилцааны ур чадвар гэдэг өнөөдрийн Монголд амьдрал, ажил хэрэгт маш чухал зүйл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хүнтэй аятайхан харилцчихдаг ая эвийг нь олчихдог байвал ажил төрөл нь аяндаа бүтээд, албан тушаал ч ахиад явчих боломжтойм шиг байгаа юм. Тэгтэл түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө, дааганаас унаж үхэхгүй дарвагараас болж үхнэ гэхчилэн хүмүүсийн хоорондын харилцааг дүрсэлсэн олон зүйр үг манай монголд байдаг. Эдгээр нь чи олон юм ярилгүй ерөнхийдөө чагнаад л сууж бай гэсэн үгтэй утга нэг юм шиг. Эцэг эхчүүд нь хүүхдээ, ах эгч нар нь дүүгээ, дарга нь цэргээ, хөгшин нь залуугаа үг хэлэхийг нь "өөдөөс цор цор хийлээ гэхчилэн хязгаарлана". Ахын үг алт, эгчийн үг эрдэм. дуугайл байх шиг зөв юм байхгүй. Эдгээр уламжлал, соёлоос ч болоод уу манай монгол залуучууд өөрийн бодлоо зөв оновчтой, чөлөөтэй илэрхийлж сураагүй байдаг юм шигээ. Сургалтын систем нь ч яг тийм, багш ярина сурагч сонсоно. Чи багш, дарга, аав ээж, эмээ өвөө биш бол ер нь дийлэнхдээ сонсох л үүрэгтэй. Харилцаанд 80/20 гэсэн зарчим байдаг л даа. 80% сонсож, 20% ярих. Энэ зарчмыг манайхан маш сайн биелүүлдэг. Харин хөөрхий ярих 20%-аа ашиглахдаа буруу ашигладаг. Хадуурна, халина, ээрнэ, түгдэрнэ, гацна, тойрно. Тэхээр хүн санаагаа яаж зөв оновчтой, тодорхой илэрхийлж сурах вэ гэдэг бас нэлээд том эрдэм юм шиг байгаан. Би бас яг дээрх хүмүүсийн нэг. Тойрч тойрч тойргийнхоо голд нэг юм хүрнэ. Хүрэхдээ ядарчихсан, сандарчихсан бас заримдаа залхчихсан байх тохиолдол зөндөөн. Тэгээд харилцааны талаар бага сага уншлаа. Тэгээд нэг алдаагаа олж авав. Юув гэхээр би хүн ярьж байхад заримдаа өөр зүйл бодож байна, эсвэл шууд ярих юмыг нь тааварлаад хариултаа бэлдчихнэ, эсвэл сэтгэл хөдлөлөө шууд нүүрэн дээрээ ил гаргачихна. Харин тэрний оронд хүн ярьж байхад за энэ нөхөр юу гэж хэлэх гээд байна вээ, би юу гэж хариулбал энэ нөхөрт эвтэйхээн ойлгуулчихуу, яаж аятайхаан татгалзахуу эсвэл мэдкү зүйл байвал за эргээд хариу өгье гэхчилэн дотроо бодож суух хэрэгтэйн байнлээ. 100% хүнээ сонсоход анхааралгүй 20% өөртэйгээ дотроо ярих хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадуул нэг алхам.